Эвээ олоогүй даатгалын салбар

-Даатгалын салбар хөгжих боломжтой ч төгс шийдэлд хамтдаа хүрч чадахгүй байна-


Монголд даатгалын салбар үүсч, хөгжөөд 80 жил болсон бол сүүлийн арван жилээс хөгжлийн үе нь эхэлсэн гэдэг. Санхүүгийн зах зээлийн нийт активийн 97 хувийг арилжааны банкууд эзэлдэг бол үлдсэн хувийн 0.5 орчим хувь даатгалын салбарт хамаатай юм. Энэ салбарыг хөгжүүлж, ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаалахын тулд салбарт багагүй өөрчлөлт хийх хэрэгтэй талаар мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл дотоодын болон гадаадын даатгалын салбарынхныг хамарсан “Хүртээмжтэй даатгал” форум “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өчигдөр эхэлж, 200 орчим төлөөлөгчид чуулсан юм. Чуулган өнөөдөр үргэлжлэх бөгөөд анх удаа олноороо цугларч, асуудлаа ярилцаж байгаа нь энэ ажээ.

Хурлаас ажиглахад даатгалын салбарынханд хөгжих гарц байгаа авч учир зүйгээ олж, хамтрах арга барил нь дутмаг мэт санагдсан юм. Одоогоор улсын хэмжээнд 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Салбарын анхны  хууль эрх зүйн орчин болох Даатгалын тухай хуулийг1997 онд баталсан бол 2004 онд шинэчлэн баталсан юм. Үүний дараа Жолоочийн хариуцлагын даатгал  2011 онд батлагдсанаас гадна даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хуулийг ч гаргасан. Ингэснээр хууль эрх зүйн орчин даатгалын салбарын хувьд хангалттай болсон гэж даатгалын мэргэжилтнүүд үздэг бөгөөд гол нь хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэйг хурлын үеэр хэлж байлаа.
 

Даатгагчид хөрөнгөжих боломж


Даатгалын компанийн үндсэн ажил бол нөхөн төлбөр олгох бөгөөд компани нөөц хөрөнгө, дүрмийн сан сайтай байсан цагт иргэдэд итгэл үнэмшил төрүүлж, хамгийн гол нь нөхөн төлбөр гаргана. Гэтэл даатгалын компаниуд бүгд хувийн секторынх тул хөрөнгийн асуудал дээр “бор зүрхээрээ” зүтгэж байна. Тиймээс даатгалын компаниудын хөрөнгөжихийн тулд үнэт цаасны зах зээл рүү орох боломжийг ярих боллоо. Ингэхдээ нэг даатгалын компани нэг компанийн үнэт цаасыг өөрийн хөрөнгийн 10 хувиас илүүгүй хэмжээний хөрөнгөөр худалдан авч болохыг хуульчилсан ажээ. Тиймээс энэ дагуу даатгалын компаниуд зах зээлээ сайтар судалсаны үндсэн дээр үнэт цаас худалдан авч, хөрөнгөө өсгөх боломжтойд салбарынхан санал нэгдэж байна.
 

Даатгалыг хэрхэн хүртээмжтэй болгох вэ?


Өнгөрсөн жилийн байдлаар 17 компани нийт 2-3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ бол харьцангуй бага ашиг бөгөөд санхүүгийн зах зээлд эзэлж байгаа хэмжээ нь бага учраас арга ч үгүй биз. Харин иргэд, аж ахуйн нэгжид гаргасан нөхөн төлбөрийн хэмжээ зургаа орчим тэрбум төгрөг байсан талаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн хэлсэн. Нийт хүн амын 10 хувь нь даатгалд хамрагдсан бөгөөд цаашдаа хүртээмжийг нэмэгдүүлэхэд ийнхүү салбарын мэргэжилтнүүд голлон ярилцаж байгаа юм. Цаашид олон улсад аль хэдийнэ том байр суурь эзэлчихсэн даатгалын салбарыг Монголдхөгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн эрсдлийг хаахад  иргэдийн мэдлэг, итгэл үнэмшил хамгаас чухал гэдгийг хурлын үеэр онцолж байсан. Тиймээс энэ тал дээр анхаарч, нийгэмд зөв ойлголтыг бий болгох хэрэгтэй болж байна.
Ийнхүү хуралд ирсэн төлөөлөгчид асуудлыг олон талаас нь харж байсан бөгөөд салбарынхны байр суурийг сонирхлоо.
 

“Үндэсний давхар даатгалын тогтолцоо хэрэгтэй”


Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч, “МИГ даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших:

-80 жилийн түүхтэй даатгалын байгууллага хуучин нийгмийн үед зах зээлийн харилцаа маш муу байснаас нөхөн төлбөр авах нь ховор байсан бол одоо ихэссэн л дээ. Даатгалын компаниудын хөрөнгийн болон нөхөн төлбөрийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Даатгалын компаниудад хөрөнгийн нөөц сангийн дүрмийн хэмжээний шалгуур тавьдаг бөгөөд зарим үед шаардлага хангахгүй байх үе бий. Ийм тохиолдолд давхар даатгалын тогтолцоогоор шийдэх хэрэгтэй болно. Манай компаниуд гадны даатгалын байгууллагад давхар даатгуулсан байдаг нь учирч болох эрсдлийг хаах ч гадагшаа мөнгө урсгаж байна гэсэн үг. Тиймээс Үндэсний давхар даатгалын тогтолцоо бий болгох асуудал яригдаж байна. Дотооддоо давхар даатгадаг болсоноор мөнгөн урсгал дотогшоо чиглэнэ. Энэ бол олон улсад шалгарсан туршлага бөгөөд анхандаа төрийн оролцоотойгоор байгуулж, хөл дээр нь босгож авсаны дараа хувьчилчихдаг юм.

-Сүүлд Үндэсний даатгалын корпораци байгуулах шийдвэр гарлаа. Төрийн оролцоотой нэгэн том байгууллага гарч ирэхийг та юу гэж бодож байна вэ?

-Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 888 төслийг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний даатгалын корпораци байгуулна гэсэн. Энэ нь ерөнхийдөө зээлийн болон экспортын төлбөрийн эрсдлүүдийг хаах зорилготой. Үндэсний даатгалын корпорацийн хөрөнгийн хэмжээ, журам бүрэн тодорхой болоогүй ч 300 тэрбум төгрөг гэж дуулдлаа. Энэ бол даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр л дээ. Тэгэхээр иргэдийн хувьд аль их хөрөнгөтэй компанид л хандаж, даатгуулахыг илүүд үзнэ шүү дээ. Энэ утгаараа бол хувийн жижиг компаниудыг шахах вий гэсэн айдас нийтэд байгаа.
 

“Даатгалын салбарын өрсөлдөөнийг дотор биш гадагш хийх ёстой”


Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн:

-Энэ салбарт даатгуулагч, даатгагч, хөрөнгө оруулагчид тал талдаа хамтын ажиллагаа дутаад байна. Даатгагч компаниуд маань хэт ашгаа харсан, даатгуулагчид аль болох бага хураамжаар даатгуулж, нөхөн төлбөр авах сонирхол бий. Төрийн зүгээс хууль эрх зүйн орчноор хангалттай замыг нь засч өгч амжаагүй, олон улсын стандартад хүрээгүй байна. Одоо хууль эрх зүйн шинэчлэл хийх нэг жишээ нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Олон улсын стандартыг нэвтрүүлэх тал дээр нэг өдөр л оруулаад ирчихнэ гэж байхгүй. Тиймээс даатгалын зах зээлийг хөгжүүлэхийн тулд олон улсын стандартыг Монголд нутагшуулах, хүний нөөцөө бэлтгэх тал дээр төр анхаарах хэрэгтэй. Өрсөлдөөн маань дотроо их өрнөж байна. Үүний оронд төр, хувийн хэвшлийн бүх байгууллага хамтарч олон улсын зах зээлд гарах тийшээ анхаарах нь зөв. Ер нь даатгалын зах зээл утгаараа хөгжиж эхлээд удаагүй учраас үүнд цаг хугацаа, туршлага хэрэгтэй л дээ.
 

“Даатгалын хохирол үнэлэгчдийн саналыг авах ёстой”


Даатгалын хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр:

-Даатгалын салбарт нэг том асуудал байна. Иргэд мөнгөө өгөөд даатгуулдаг ч нөхөн төлбөр авах болохоор даатгагч компаниудтайгаа бүрэн ойлголцож чадахгүй, хохирч үлдэх нь их байгаа шүү дээ. Тэгвэл даатгалын нөхөн төлбөрийг хохирол үнэлэгчид оролцож тогтоох ёстой талаар хуульчилсан байдаг ч харамсалтай нь хэрэгжихгүй байна. Одоо даатгагч, даатгуулагч хоёр хоорондоо тохиролцож нөхөн төлбөрийг хийж байна. Их хэмжээний нөхөн төлбөр яригдах асуудалд л хохирол үнэлэгчдээс санал авдаг. Хууль хэрэгжээд есөн жил болох хугацаанд эхнээсээ буруу явчихаж. Одоогийн даатгалын компаниуд яаж өртөг, зардлаа хэмнэж ашигтай ажиллах вэ гэдгээ бодохын оронд яаж нөхөн төлбөрөө яаж бага өгөх вэ гэдэгтээ анхаарч байна. Тиймээс даатгуулагчдыг хохироох нь их байгаа нь үнэн. Нөгөө талдаа даатгуулагч ч гэсэн миний даатгагч компани нөхөн төлбөрийг маань дутуу өгч байна гэсэн шүүмжлэл, хардлага байнга гардаг. Уул нь энэ бүгдийг даван туулах гарцыг Даатгалын тухай хуулийн 8.5 нөхөн төлбөр олгох тухай заалтаар  заагаад өгчихсөн шүү дээ. Үүнд хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан актыг үндэслэн нөхөн төлбөр олгоно гээд заасан байгаа. Бид энэ талаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороонд хандаад, хуулиа мөрдөх хэрэгтэй гээд нэмэр алга. Үүнд компаниуд, эрх бүхий байгууллагууд даатгагч, даатгуулагч нь хоорондоо харилцаа үүсч, Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа гэсэн хариултыг л өгдөг.

Ийнхүү бусад салбартай харьцуулахад “залуудаа” тооцогдох даатгалынхан алдаа, оноогоо хоёр өдрийн турш ярьж байна.Дээр өгүүлсэнчлэн даатгалынхан хөрөнгөжих боломжтой, “амин сүнс” болсон дэвсгэр хууль эрх зүйн орчинтой, компаниуд нь зах зээлд хөлөө олсон байгаа бөгөөд дотоод өрсөлдөөнийг биш хамтдаа хөгжих боломж, сорилтын өмнө ирээд байна.

Эх сурвалж: www.news.mn

Буцах